Ухаалаг утастай иргэд автобус хүлээж зогсох шаардлагагүй болжээ

2014-01-23 11:45

Ухаалаг утастай иргэд автобус хүлээж зогсох шаардлагагүй болжээ. Учир нь суух автобусаа хаана явааг хялбархан мэдэх боломжтой болсон байна. Энэ талаар Нийтийн тээврийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Цолмонбаяраас тодрууллаа.

-Нийтийн тээврээр зорчигчид суух автобусаа хаана явааг хялбархан мэдэх боломжтой болсон гэсэн. Энэ талаар тодруулаач?

-Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд аль болох чирэгдэлгүй болгох үүднээс бид олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Түүний нэг нь интернэт ашиглан суух автобусаа хаана явааг мэдэж болох аппликэйшн бий болгосон явдал юм. Тодруулбал, “UB BUS” хэмээх аппликэйшн бий болсон. Уг аппликэйшныг иргэд аль хэдийнэ хэрэглэдэг болсон бөгөөд 20 гаруй мянган хүн татчихсан байгаа.

-Энэхүү аппликэйшныг заавал интернэт ашиглаж хэрэглэх үү?

-“UB BUS” аппликэйшныг татаад утсандаа суулгачихсан бол заавал интернэт ашиглах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, “UB BUS” аппликэйшныг ашиглахын тулд утасныхаа GPS-ийг асаагаад л ашиглах боломжтой болох юм.

Тодруулбал, GPS-тэй автобусанд ороод чиглэлээ сонгосон тохиолдолд тухайн автобус яг хаана явж байгаа нь шууд гараад ирнэ.

Тиймээс ялангуяа өвлийн улиралд цонх нь цантсан байсан ч хаана явж байгаагаа мэдэх боломжтой гэсэн үг. Манайх он хуучирсан автобус ихтэй учир буудал зарлагч байхгүйгээс зорчигчид буудал хэтэрч буух тохиолдол олон байдаг. Ийм байдалтай маш олон жил явж байна.

Тиймээс бид энэ жил өөрсдийнхөө хүчээр IT компаниудтай ярилцаад эхний ээлжинд уг аппликэйшныг хийлгэж байгаа. Хамгийн талархууштай нь “UB BUS” аппликэйшныг “БиТиЖиТи” компаниас үнэ төлбөргүй хийж өгсөн явдал юм.

-Тухайн зорчигчийн буух ёстой буудлыг зогсох гэж байгааг мэдэгдэхгүй юм уу?

-Уг аппликэйшн дээр "Автобус хөтөч" гэсэн цэс байгаа. Та автобусанд суугаад “Автобус хөтөч”-ийг ажиллуулахад тухайн автобусны ямар буудлуудад зогссон, мөн дараагийн буудлыг харуулахаас гадна зорчигчийн утсыг чанга яригчаар дараагийн очих буудлыг зарлах юм.

-GPS-ийг одоогоор хэчнээн автобусанд суулгаад байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар GPS-ийг нийтийн тээврийн үйл­чил­гээ эрхлэгч “Автобус-1” НӨК-ийн бүх автобуснууд, цахил­гаан тээвэр компанийн трол­лейбуснуудад суулгаад байна.

Чиглэлийн хувьд 29 чиглэлд ашиглах боломжтой.Тиймээс эдгээр автобуснуудыг энэхүү программыг ашиглан аль чиглэлийн ямар автобус яг энэ цаг мөчид хаана явж байгааг мэдэж бүрэн боломжтой болсон.

Ер нь нийтийн тээвэр технологийн хувьд маш их хоцрогдсон байдалтай байгаа. Тиймээс ч цаашдаа үлдсэн автобуснуудыг GPS-тэй болгох, цахим картын системд оруулах зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд, төсвийг нь шат шатны удирдлагуудад ч танилцуулж байна. Одоогоор шийдэгдсэн зүйл алга.

-Нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгох үүднээс өөр хийхээр төлөвлөөд байгаа ямар ажлууд байна вэ?

-Хөрөнгийг нь шийдээд өгвөл нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгох төсөл, төлөвлөгөө бэлэн байгаа. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээ маш их алдагдалтай ажиллаж байна. Учир нь сүүлийн 3-4 жилийн дотор бүх юмны үнэ ханш өссөөр байхад нийтийн тээвэр л нэг ханшаараа иргэдэд үйлчилж байгаа.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд өвлийн дугуйгаа ч солих мөнгөгүй л байна. Тиймээс ч нийтийн тээврийн үнийг 300-600 төгрөг болгох санал манайд байнга ирүүлдэг. Гэхдээ бид иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага учир үнийг нэмэх шийдвэр гаргаж чаддаггүй.

Тиймээс төрөөс энэ төрлийн бизнес эрхлэгчид алдагдлыг нь татаас хэлбэрээр өгч болох эсэх талаар саналыг удирдлагын төвшинд хүргүүлсэн. Одоогийн байдлаар хариу ирээгүй байна.

Ангилал : Нийтийн тээврийн хяналт | Нийтэлсэн : Ganaa | Уншсан (549) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. az :
    2015-10-08 16:58

    iim app s olsongui Ub bus gj bichih ni zov u?

  2. ios :
    2014-12-12 13:00

    ios huvilbar heregtei baina.

  3. dondog :
    2014-07-08 18:14

    ajillaxgui bn

Сэтгэгдэлийн тоо : 3

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл